Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлнэ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” ХХК болон “Монголросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзав.

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэхийг сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна.

Мөн Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянт болд олборлож байгааг таслан зогсоохоор боллоо. Улсын тусгай хамгаалалттай газарт байх энэ ордыг мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д нэн даруй шилжүүлэх бэлтгэлээ хангахыг сайд Г.Занданшатар үүрэг болгов. Дээрх хоёр ордтой холбоотой асуудлыг Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэн албан ёсны шийдвэр гаргуулахаар болжээ.

Энэ долоо хоногт багтаан “Асгат”, “Салхит”, “Цагаан эрэг”-ийн ордыг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө танилцуулж, сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхийг үүрэг болгоод, орд газрууд гурван сая хүний өмч. Иймээс өгөөжийг нь ард иргэдэд хүртээх чиглэлээр идэвхтэй ажиллахыг сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад онцгойлон анхааруулав.

Үүний зэрэгцээ Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх  газар өнөөдрийн дотор импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж шатахууны үнийг бууруулах талаар санал солилцон, эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

Цаашид шатахууны төлбөрийг рублээр тооцох, урт хугацааны форвард хэлцэл хийж үнийг тогтвортой байлгах боломжийн талаар ОХУ-ын талтай ярилцахыг чиглэл болгов. Судалгаанаас үзвэл өнгөрсөн онд шатахууны үнэ 350 төгрөгөөр өссөн байна. Хилийн үнэ буурсан энэ үед үнэ 350 төгрөгөөр эргэж буурах боломжтой гэж үзжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.